Халхгол сумын ИТХ

Халхгол сумын ИТХ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

“Халхгол” бүсэд газрыг дуудлагаар худалдаж олгоё гэсэн саналтай байгаа

2017-03-14

“Халхгол” бүсэд газрыг дуудлагаар худалдаж олгоё гэсэн саналтай байгаа

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнтэй товч ярилцлаа.

-Монгол Улс ОХУ-тай харилцан визгүй зорчдог болоод хоёр жил орчим  хугацаа өнгөрчээ. Харилцан визгүй зорчих болсноор  Алтанбулагийн чөлөөт бүс Замын Үүд шиг л ачаалалтай болсныг бид мэдэж байгаа. Тэгвэл визгүй болсон энэ хугацаанд Дорнод аймгийн эдийн засагт эерэг ямар дүн авчрав?
-Өмнөх социалист нийгмийн үетэй харьцуулбал Дорнод аймаг ОХУ-тай хийх харилцаа, худалдааны эргэлт, зорчигчдын тоо зэрэг үзүүлэлт маш их буурсан нь ойлгомжтой. Өмнө нь бол хадлан тэжээл бэлтгэх,  Дорнод аймгийн нутаг дэвсгэрээс ашигт малтмал, уран олборлож Орост нийлүүлэх, Зүүн бүсийн төвд байгаа Мах комбинатад мах боловсруулалт хийж хойд хөрш рүү төмөр замаар экспортод гаргаад эргүүлэн барилгын материал, мод, модон бүтээгдэхүүн оруулж ирж зүүн бүсийн аймгуудын бүтээн байгуулалт, аймгийн төвүүдийг барьж байгуулсан байдаг түүх, уламжлалтай. Хуучин цагийн дээрх харилцаатай жишихэд худалдаа эргэлт байхгүйтэй адил болсон. Бидэнд ОХУ-д экспортод гаргаж байгаа аж үйлдвэрийн бүтээгдэхүүн одоо бол байхгүй. Тэгээд ч Алс дорнод, Зүүн Сибирийн бүс нутгийн хөгжил буурай, алслагдмал. Тэгэхээр учир дутагдалтай байх нь аргагүй. ОХУ-аас бид Эрээнцавын боомтоор мод, модон бүтээгдэхүүн импортоор оруулж ирэх хүсэлтийг удаа дараалан тавьж буй ч одоогоор тодорхой үр дүнд хүрээгүй л байна.

-Дорнод аймгийн Засаг даргатай ярилцахдаа орхигдуулж боломгүй сэдэв бол Халхголын чөлөөт бүсийн асуудал яалт ч үгүй мөн л дөө?
-Анх 2015 онд Чөлөөт бүс байгуулаад, жилийн дараа 2016 оны тавдугаар сард “Үндэсний бүтээн байгуулалтын бүс” гээд нэрийг нь өөрчилчихсөн байдаг. Тэгэхдээ 500 мянган га газрыг хамарсан хэвээрээ. Энэ ажлыг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарч, Хөдөө аж ахуйн сайдын тушаал батлагдаж 300 мянган га газар олгогдсон. Энэ олгогдсон газрыг хууль бус олгосон гэж үзээд Засгийн газар, Хууль зүйн Байнгын хорооны зүгээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу салбарын сайд, Бүсийн захирагааны газраас дээрх олгогдсон газрыг хүчингүй болгосон. Нутгийн иргэдийн зүгээс үндсэн хоёр асуудал дээр шаардлага тавьж байгаа. Нэгдүгээрт, нутгийн иргэдийн саналыг огт аваагүй. Шууд УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэснийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Ардчилсан нийгэмд тухайн нутаг орны иргэдийн саналыг сонсож байж шийдвэр гаргах ёстой гэдгийг иргэд анхааруулсан.  Хоёрдугаарт, “Үндэсний бүтээн байгуулалтын бүс”-ийн газар нутгийн хэмжээг  500 мянган га газар байхаар тусгасныг хэтэрхий том байна гэж эсэргүүцэж байгаа. 2-3 сумыг бүхэлд нь хамарсан ийм том газрыг Засгийн газрын тусгай хэрэгцээнд авч буйтай эвлэрэхгүй байгаагаа иргэд нутгийн удирдлага бидэнд удаа дараа мэдэгдсэн. Гэвч энэ асуудлыг шийдвэрлэх эрх мэдэл орон нутгийн удирдлагад харамсалтай нь байхгүй. Ердийн газар олгох журмаар бол тухайн сум нутгийн ИТХ төлөвлөгөөндөө батлаад, Сумын Засаг даргын захирамжаар олгодог л доо. Харин Халхголын тухайд Чөлөөт бүсээсээ Үндэсний бүтээн байгуулалтын бүс болон өргөжин тэлсэн  ч иргэд, оршин суугчдад чухам ямар үйл ажиллагаа явуулах, сум орон нутгийн хөгжилд бодит ямар үр дүн авчрах судалгаа зэргийг сурталчлан таниулаагүйгээс орон нутгийн иргэдээс ийм эсэргүүцэлтэй тулсан.

-Тэгэхээр  “Үндэсний бүтээн байгуулалтын бүс”-ийн асуудал цаашид яаж шийдвэрлэгдэх бол?
-Газар олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгосон. Дуудлага худалдаа болон сонгон шалгаруулалт хийгдэх зарчмаар газрыг олгох ёстой гэж журмандаа байдаг. Орон нутгийн зүгээс “Үндэсний бүтээн байгуулалтын бүс” -д газар олгох явдлыг дуудлага худалдааны зарчмаар шийдвэрлүүлье гэсэн саналтай байгаа. Дуудлага худалдааны зарчмаар явуулснаар Улсын төсөвт орж ирэх орлогод ч эерэг нөлөөтэй гэж харж байна.

-Нээлттэй дуудлага худалдааны зарчмаар газар олгосноор монгол иргэдийн нэр, нүүр барьж оролцоод ард санхүүжүүлсэн гаднын иргэд их хэмжээний газар эзэмшчихвэл яах вэ гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна л даа. Дуудлага худалдаа зохион байгуулах болвол үүнд ямар хяналт шалгалт тавих вэ?
-Эх орныг хамарсан энэ үйл ажиллагааг аваад явах үндэсний хэмжээний компаниудаа бид дэмжих ёстой. Үндэсний бүтээн байгуулагчиддаа дэмжиж байж улс орон хөгждөг шүү дээ. Нөгөө талаас тухайн орон нутгийн уугуул иргэдийн үйл ажиллагаа явуулах боломжийг ч нээж өгөх ёстой.  Хийж бүтээх ид залуу насандаа илгээлтээр Халхголын хязгаар бүс нутагт суурьшиж, сангийн аж ахуйд ажил амьдралаа зориулсан олон иргэдийг ч бодолцох хэрэгтэй. Хуульдаа ч газар тариалангийн салбарт олон жил ажилласан иргэнд давуу эрхээр 100 га талбайг газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлж болно гээд заачихсан байдаг. Гэх мэтчилэнгээр нутгийн иргэдийн хөгжих боломжийг гаргаж өгөх хэрэгтэй. Аль аль талдаа үндэсний компани, нутгийн ард иргэдээ дэмжиж ажиллах нь зүйтэй гэж хувьдаа үзэж байна.
-Одоогоор “Үндэсний бүтээн байгуулалтын бүс”-д ямар бүтээн байгуулалт хийгдсэн бэ?
-“Үндэсний бүтээн байгуулалтын бүс” гээд нэрлэсэн. Гэвч бүтээн байгуулалтын болон бусад ажил хийгдээгүй байгаа. Ер нь бол улсаас бүтээн байгуулалт хийж хэрэгжүүлэхээс  илүүтэй хувийн хэвшлийн компаниуд хөрөнгө оруулалт хийх нь илүү зохистой л доо. Тийм дээ ч “Алтай групп” компани Халхголд үр тариа хадгалах зориулалттай  элеватор, түүнчлэн  байгалийн хадланг бусад тэжээлийн ургамалтай нийлүүлж боловсруулан дотоодын хэрэгцээнд болон экспортод гаргах зорилготой жилд 100 мянган тонн тэжээл бэлдэх хүчин чадалтай үйлдвэр барьсан. Түүнээс өмнөх Засгийн газрын үед Халхголын бүс нутагт ямар ч бүтээн байгуулалт хийгдээгүй.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%